Friday, June 8, 2012

Номын тэмдэглэл 1

Хүү хав хар дүрсийн өмнө түүнийг нүд салгалгүй ширтэн таг чиг, амаа ангйн зогсоно. Том хүнд бол энэ нь дүүжлүүр байсан бөгөөд хүүхдийн хувьд бол хоосон сүг гээч л байлаа. Том хүний үхдэл гэж барин тавин таних зүйл нь хүүд хий юм шиг харагдана. Тэгээд ч жаал хүү юу ч ойлгосонгүй. Ёроол нь үл харагдах ангал өөртөө янз бүрийн илбээс , хахуулийг нуун далдалж байдаг агаад, түүний нэг довцгийн оройд байж байгаа нь энэ. Хүү буцаж буумаар байсан ч дээш алхалж эхэллээ. Тэгээд эргэн зугатмаар байсан ч ойртож очив. Хамаг бие нь чичирсэн мөртлөө хий үзэгдлийг сайтар харахын тул дүүжлүүрт зоригтойгоор тулан ойртов. Дүүжлүүрийн яг дор нь очоод толгойгоо өлийлгөн сайтар ажиглаж эхэллээ. Хий үзэгдлийг нэлд нь давирхайдсан бөгөөд зарим газраараа гялалзана. Хүү царай төрхийг ялгаж эхэллээ. нүүрэнд нь ч бас давирхай дарайтал түрхсэн бөгөөд сайхь наалданги унжралдсан мэт харагдах баг нь бүрэнхийд тод үзэгдэнэ. Урьд нь ам хамар байсан газарт нь нүх, мөн нүд байсан газарт нь хоёр том хүнхийсэн нүх харлана. Үхдлийг газрын тос шингээсэн бүдүүн эдээр ороон манцуйлсан бололтой. Ороосон эд нь өгөршин ялзарчээ. Нэг газарт өвдөг нь цухуйн, зарим газраар нь хавирга нь ярзайна. Биеийн тал нь үхдэл хэвээр үлдэж нөгөө тал нь ясан хэлхээ болжээ. Царай нь хөсрий даасан хар өнгөтэй болж, түүн дээгүүр нүхлэн мөлхсөн хорхойн бүдэг мөнгөлөг мөр үлдээжээ. Ясанд нь наалдсан ёргийн цаанаас, барималд нөмөргөсөн хувцасны цаанаас мэдрэгддэг шиг гүвгэр гүдгэрүүд ёрдойно. Гавал нь дундуураа цууран хоёр хэсэг болсон нь ялзран хуваагдсан жимсийг санагдуулнам. Шүд нь бүтнээрээ ярзайж, инээж байна уу даа гэлтэй. Ам байсан онгойсон нүх нь эцсийн удаа хашгиран хөшчихсөн юм уу даа гэмээр. Сайн ажиглавал сахлын үс бололтой хэдэн үс хацар дээр нь үлджээ. Доош нугдайсан толгой нь ямар нэг юм чагнаж байгаа ч юм уу гэж бодмоор. Харваас саявтархан шинээр давирхайдсан бололтой. Түүний нүүрийг нөгөө өгөршсөн даавууны цаанаас цухуйсан өвдөг, хавиргын адилаар давирхайдсан байлаа. Ёргийн доод талаар махгүй болсон хоёр тавхай цухуйна. Яг доор нь өвсөн дээр бороо цаснаас болж хэлбэрээ бүүр алдан майжийсан шаахай хэвтэнэ. Дүүжлүүлсэн хүний хөлөөс мултран ойчсон нь илт. Хөл нүцгэн хүү энэ шаахайруу харлаа. Улам ширүүсэх салхи үе үе намдан хар салхи болон нижигнэх гэж эрчээ авч байна уу гэлтэй. Заримдаа хэдэн минут орчим бүр нам гү м ч болж байв. Үхдэл савлахаа больжээ. Гинж ч үзүүртээ жижиг туухайтай чиглүүрийн оосор шиг хөдлөхгүй унжина. Амьдрал гэгчийг дөнгөж үзэж байгаа боловч, өөрийн хүнд хувь тавилангийн учрыг мэдэж байдаг бүх л амьтны адил хүүд нэг л балчир ойлгомж муутай мөртлөө өндөгний хальсыг шувуу хошуугаараа цоо тонших лугаа адил тархийг нь өрөмдөн сэтгэлийг нь зовоосон бодол төрж эхэлсэн нь эргэлзээгүй. Гэвч энэ хоромд балчир ухааныг нь дүүргэсэн зүйл түүнийг зөвхөн мэл гайхуулан айлгах ажээ. Дэндүү их сэтгэл хөдлөх нь заримдаа, дэнгийн тос хэтрэх мэт бодлыг унтраах нь бий. Насанд хүрсэн хүн бол мянга түмэн асуултаар өөрийгөө зовоох байсан бол хүү зөвхөн харахаас хэтэрсэнгүй. Үхдлийг давирхайдсан нүүр нь нойтон юм шиг харагдана. Ухархайд нь царцсан давирхайн дусал нулимс юм уу даа гэж бодмоор... Виктор Гюго Инээмтгий хүн романаас

No comments:

Post a Comment